Тавилгын хавтангийн VOC Emission стандарт буюу Агаарт дэгдэмхий хорт бодис ялгаруулах түвшингийн стандарт: Эрүүл орчныг бүрдүүлэхэд анхаарах зүйлсийн нэг
- Ganchimeg Ayurzana
- Nov 30, 2024
- 3 min read
Updated: Feb 3
Сүүлийн жилүүдэд бидний гэрт хэрэглэж буй материалын байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаарх ойлголт улам бүр нэмэгдэж байна. Тавилгад нийтлэг ашиглагддаг шахмал үртсэн хавтан (particle board), МДФ (Medium Density Fiberboard), фанер (plywood) зэрэг хавтангууд нь агаарт дэгдэмхий бодис агуулдаг тул эдгээр стандартуудыг уг төрлийн хавтангууд дээр чухалчлан авч үздэг. Энэхүү нийтлэлд уг emission стандартын ач холбогдол, агаарын чанарт нөлөөлдөг бодисуудын төрөл, хэрэглэгчид аюулгүй бүтээгдэхүүн сонгохдоо юуг харгалзах хэрэгтэй талаар товч тайлбарлах болно.

Домог болтол яригдсан E1, E0- Emission standard-ийн талаар
Сүүлийн жилүүдэд манай Монгол улсад тавилга, интерьерийн материал яригдах бүрт E1, E0 стандарт гэдэг ойлголт их дурдагдах болсон. Уг агуулга Монгол улсад сүүлийн жилүүдэд яригдах болсон боловч дэлхий дахинаа ялангуяа Европын орнуудад зайлшгүй хангах шаардлагатай стандарт болон тогтсон байдаг.
Бидний эргэн тойронд байгаа зүйлсэд VOC (Volatile Organic Compound) буюу агаарт дэгдэмхий химийн бодисууд агуулагдаж байдаг ба амьсгалын замаар дамжин бидний эрүүл мэндэд нөлөөлж байдаг.
Emission standard гэдэг нь аливаа бүтээгдэхүүний хүний эрүүл мэнд, орчинд нөлөөлж болзошгүй агаарт дэгдэмхий бодис (VOC) ялгаруулалтын түвшинг тогтоодог стандарт юм.
Бидний эргэн тойронд өдөр тутам байдаг агаарт дэгдэмхий химийн бодис ялгаруулдаг зүйлс юу байдаг вэ?
Гэр ахуйн бүтээгдэхүүнүүд:
Будаг, будаг арилгагч, будагч бодисууд
Мебель өнгөлөгч
Үнэртүүлэгч цацлага
Цэвэрлэгээний болон ариутгалын бодисууд
Шавьж устгагч, шавьж үргээгч
Хуурай хими цэвэрлэгээнд орсон хувцас
Бусад:
Барилгын болон тавилгын материал
Бичгийн хэрэгслүүд: принтерийн хор, штрих, цавуу, тодруулагч, гэрэл зургийн хор гэх мэт.
Үүнээс бүгдээрээ барилга, тавилгын материалуудад агуулагдах бодисын талаар дэлгэрүүлэн ярилцацгаая.
Аливаа модны үртэс, түүхий эдээр хийгдсэн хавтанг үйлдвэрлэхэд үртэс, түүхий эдийг барьцалдуулдаг цавуу нь олон төрлийн химийн бодисуудыг агуулж байдаг. Эдгээр стандартууд нь дотоод орчны агаарын чанарын хувьд маш чухал бөгөөд учир нь VOC нь амьсгалын замын өвчлөлөөс эхлээд хорт хавдар гэх мэт илүү ноцтой нөхцөл байдал хүртэл эрүүл мэндийн янз бүрийн асуудал үүсгэдэг. Уг олон дэгдэмхий бодис дундаас хамгийн хортой бөгөөд анхаарах шаардлагатай нь Формальдегид гэх хортой бодис юм.
Формальдегид: Хавтанг барьцалдуулдаг цавуунд өргөн хэрэглэгддэг химийн бодис бөгөөд формальдегид нь хүчтэй үнэртэй, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй гэдгээрээ хүмүүс хамгийн сайн мэддэг. Уг бодисоор удаан хугацаанд амьсгалах нь амьсгалын замын архаг өвчинд хүргэдэг.
VOC (Агаарт дэгдэмхий химийн нэгдэл) стандарт ба гэрчилгээ
Дэлхий даяар хэд хэдэн байгууллага хэрэглэгчдэд химийн бодисын ялгарал багатай материалыг тодорхойлох стандарт болон гэрчилгээг олгодог.
1. CARB (California Air Resources Board): CARB нь шахмал модон бүтээгдэхүүнээс ялгарах формальдегидийн хэмжээнд тогтоодог хамгийн хатуу стандартуудын нэг.
2. EPA TSCA Title VI: CARB-ийн дагуу загварчилсан энэхүү АНУ-ын стандарт нь шахмал модон бүтээгдэхүүний формальдегидийн ялгарлыг улсын хэмжээнд тогтоосон стандарт.
3. E1 ба E0 стандартууд: Европ болон Азид түгээмэл байдаг E1 стандарт нь формальдегидийн ялгаралтыг 0.1 ppm хүртэл , E0 стандарт нь 0.05 ppm хүртэл хязгаарладаг. Уг хэмжээ нь химийн бодис тус бүтээгдэхүүнд хүний эрүүл мэндэд нөлөөлөхөөргүй хэмжээнд байгаа гэсэн үг юм.
4. FSC (Forest Stewardship Council) Гэрчилгээ: Тогтвортой байдлын гэрчилгээ хэдий ч FSC гэрчилгээ нь химийн бодисын ялгаруулалт багатай цавууны хэрэглээг дэмждэг.
5. GREENGUARD гэрчилгээ: Энэхүү гэрчилгээ нь бүтээгдэхүүн нь химийн хорт бодис бага ялгаруулж, дотоод орчныг эрүүл байлгахад хувь нэмэр оруулдаг.
Агаарт дэгдэмхий бодисын ялгарал багатай бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох вэ?

1. Сонирхож буй бүтээгдэхүүнд тань CARB, EPA, E1/E0, FSC, GREENGUARD шошгууд байгаа эсэхийг хараарай. Эдгээр гэрчилгээ нь VOC нь хүний эрүүл мэндэд нөлөөгүй гэдгийг батлах үзүүлэлт юм.
2. Шинэ тавилга, тавилгын хавтан худалдан авахдаа борлуулагчаас материалын гарал үүсэл стандарт хангасан байдал эсэхийг нь асууж гарал үүсэл тодорхой, албан ёсны нийлүүлэгчээс худалдан авалт хийгээрэй.
3. Гэрээ агааржуулах: Зөв агааржуулалт нь таны гэрт VOC-ийн концентрацийг бууруулж, доторх агаарын чанарыг сайжруулахад тусална. Өрөө тасалгаанд тогтмол агаар сэлгэлт хийх, сайн агааржуулалтын системтэй байх нь орчны агаарын чанарыг сайжруулдаг.
Comments