Галын аюулгүй байдлын ангиллыг ойлгох нь: Барилга, интерьер, тавилгын бүтээгдэхүүн
- Ganchimeg Ayurzana
- May 14, 2024
- 3 min read
Updated: May 15, 2024
Барилга, интерьер, тавилгын бүтээгдэхүүн галын аюулгүй байдлын стандартыг хангаж байгаа эсэх нь зөвхөн хуулийн шаардлага төдийгүй үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангаж байгаа хэрэг юм.
Энэхүү бичвэр нь манай салбартай холбоотой галын аюулгүй байдлын ангиллыг ойлгоход туслах бөгөөд галын аюулгүй байдлыг хангах талаар ойлголтыг танд өгнө.

Галын аюулгүй байдлын ангилал гэж юу вэ?
Галын аюулгүй байдлын ангилал нь материалыг галд үзүүлэх хариу үйлдэл, шатамхай эсэх, утаа ялгарал, гал эсэргүүцэх чадвар зэрэгт үндэслэн ангилагддаг. Эдгээр ангилал нь тавилга, интерьерт хэрэглэгддэг материалуудтай холбоотой эрсдлийг үнэлэхэд зайлшгүй шаардлагатай.

Галын аюулгүй байдлын үндсэн стандарт ба ангилал
Европын стандартууд (EN):
EN 1021-1 ба EN 1021-2: Эдгээр стандартууд нь тамхи болон шүдэнзний галд өртөх үед зөөлөн тавилгын галд тэсвэртэй байдлыг тусгайлан тодорхойлдог стандарт юм.
EN 13501-1: Энэхүү стандарт нь барилга, интерьерийн материалыг галд үзүүлэх хариу үйлдэл дээр үндэслэн ангилдаг.
Үүнд: A1 (шатдаггүй) -ээс F (амархан шатамхай) хүртэл хэд хэдэн ангилал байдаг.
Үүнээс бүгдээрээ EN 13501-1 стандартыг дэлгэрүүлэн авч үзэцгээе.
Барилгын материалыг шатдаггүй, шатамхай гэж ангилдаг. Уг ангилал нь гал авалцахаас өмнө ба бүрэн авалцсан галд үзүүлэх хариу үйлдлийг (галд өртөмхий байдал, дэмжих эсвэл эсэргүүцэх чанар) харгалзан хуваагддаг.
"Шатамхай бус" ангиллын барилгын материал нь шатдаггүй, гал дэмждэггүй нь туршилтаар баталгаажсан материалыг хэлнэ. Эдгээр нь EN 13501-1 стандартын дагуу А1 ба А2 ангилалд багтана.
"Шатамхай" барилгын материал нь галд шатдаг материал юм. Галд шатах байдлаар нь бага шатамхай (B ба C), ердийн шатамхай (D ба E) ба өндөр шатамхай (F) гэж хуваадаг.
Шатамхай чанарын (A1, A2, B, C, D, E, F) ангилалуудаас гадна материал нь утаа ялгаруулах, шатаж буй дусал ба хэлтэрхий үүсгэдгээр нь дараах байдлаар ангилна.
‘s’ утаа ялгаруулах түвшин – утаа гаргах хурд болон үүссэн утааны нийт хэмжээг 1 (байхгүй)-аас 3 (их) хүртэлх утгаар тодорхойлдог.
'd' шатаж буй дусал эсвэл хэлтэрхий үүсгэх - 0 (байхгүй) - 2 (өндөр) хүртэлх утгуудаар ангилдаг.

Тавилга, интерьерийн компаниуд галын аюулгүй байдлыг хангахын тулд А1-ээс С зэрэглэлийн материалыг сонгох хэрэгтэй.

Галын аюулгүй байдлын ангилал яагаад чухал вэ?
Барилга, интерьер гүйцэтгэгдчдийн хувьд галын аюулгүй байдлын ангилалыг заавал дагаж мөрдөх шаардлагатай:
Хуулийн шаардлага: Галын аюулгүй байдлын хууль тогтоомж, стандарт дүрмийг дагаж мөрдөх нь иргэн болон аж ахуйн нэгжийн хуулиар ноогдсон үүрэг хариуцлага юм. Уг үүргээ зөрчих нь их хэмжээний торгууль, эрүүгийн эсхүл зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээх зэрэг хүртэл арга хэмжээ авагддаг. Монгол Улсад галын аюулгүй байдлыг хангах асуудал 1999 онд батлагдсан “Галын аюулгүй байдлын тухай” Монгол Улсын хуулиар зохицуулагдаж байна.
Хэрэглэгчийн итгэлцэл: Аюулгүй байдлын стандартад багтсан бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангахаас гадна гүйцэтгэгчид итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.
Эрсдэлийг бууруулах: Гал түймэртэй холбоотой ослын эрсдлийг бууруулах нь таны үйлчлүүлэгчид болон өөрсдөдөө учирч болзошгүй хохирол, хариуцлага, хохирлыг багасгах, эрсдэлээс зайлсхийхэд чиглэгддэг.

Галын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
Зураг төсөл, загварыг галын аюулгүй байдлын стандартын дагуу боловсруулах: Галын аюулгүй байдлыг зураг төслийн буюу дизайны үе шатанд тусгах нь галын аюулаас сэргийлэх хамгийн үр дүнтэй бөгөөд нэн тэргүүний алхам юм.
Үүнд галд тэсвэртэй материалыг сонгох, галын эрсдэлийг багасгах зохион бүтээлтийн хувилбарыг сонгох зэрэг орно.
Материал сонголт: Галын аюулгүй байдлын стандартыг хангасан материалыг сонгох.
Тогтмол туршилт хийх: Материалыг холбогдох стандартын дагуу тогтмол туршиж үзээрэй. Материалын нийцлийг баталгаажуулахын тулд итгэмжлэгдсэн лабораториудтай хамтран ажиллаарай.
Баримтжуулалт ба шошго: Бүх материал, туршилтын үр дүнгийн баримт бичгийг сайтар хөтлөх. Бүтээгдэхүүнээ галын аюулгүй байдлын ангиллаар зохих шошготой байгаа эсэхийг шалгах.
Мэдээллийг байнга шинэчлэж байх: Галын аюулгүй байдлын стандартууд өөрчлөгдөж болно. Бүтээгдэхүүнээ борлуулж буй нутаг дэвсгэрийн дүрэм журмын шинэчлэлтийн талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй.
Багаа сургах: Таны дизайн, үйлдвэрлэл, борлуулалтын баг галын аюулгүй байдлын стандартын ач холбогдол, тэдгээрийг хэрхэн дагаж мөрдөхийг ойлгож байгаа эсэхийг шалгаарай.
Хэрэглэгчийн боловсрол: Бүтээгдэхүүнийхээ галын аюулгүй байдлын талаар үйлчлүүлэгчдэдээ боловсрол олгох хэрэгтэй. Аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд зөв ашиглалт, засвар үйлчилгээний талаар зааварчилгааг өгөх нь галын аюулгүй байдлыг хангах бас нэгэн алхам юм.
Галын аюулгүй байдал нь барилга төдийгүй интерьер, тавилгын бүтээгдэхүүний хамгийн чухал хэсэг юм. Эдгээр стандартыг ойлгож, дагаж мөрдсөнөөр та зөвхөн хууль ёсны шаардлагыг дагаж мөрдөхөөс гадна аюулгүй байдал, итгэлцэл, чанарыг бий болгоно.
Comments